Хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж болон барилгын хана, фасадыг угаана. Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.
Хаврын их цэвэрлэгээний хүрээнд:
- Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, хайс хашлагыг цэвэрлэх, угааж чийгшүүлэх;
- Автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, сандал, хогийн сав, гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж, өнгө үзэмжийг сэргээх;
- Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж, тээвэрлэх;
- Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлэх;
- Гудамж талбай дахь үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх
- Хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж, засварлах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэнэ.
Нийслэлийн хэмжээнд 1547 СӨХ үйл ажиллагаа явуулдгаас 970 гаруй нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй. Гишүүн болон гишүүн бус СӨХ-дыг идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдаан зарлажээ. Иймд иргэд, оршин суугчдын идэвх санаачилгатай оролцож, СӨХ-доо дэмжихийг уриалж байна.