БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-ын ХХААБ болон Европын Холбоо (ЕХ) Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр (ОЗНӨСХ)-г хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Нийт санхүүжилт нь 2.5 сая ам.долларын өртөгтэй Ойн засаглал, нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр нь Ойн Түншлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх, Ойн түншлэлийн үр нөлөөг оновчтой болгоход чиглэх бөгөөд Монгол улс, Бүгд Найрамдах Конго улс, Габон, Гайана, Гондурас, Уганда, Замби зэрэг долоон улсад хэрэгжинэ.
Энэ хүрээнд хөтөлбөрт хамрагдаж буй 7 Улсын Ойн түншлэлийн үйл ажиллагааг дэмжих, доорх зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнд:
- Хамгаалалттай, нөхөн сэргээсэн буюу тогтвортой менежмент бүхий ойн талбайг нэмэгдүүлэх;
- Ойтой холбоотой зохистой хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх;
- Ойн хомстол, ойн доройтлын жилийн түвшинг бууруулах;
- Ойн хомстолын тухай ЕХ-ны журмын шаардлагыг оператор (ойн байгууллага)- ууд дагаж мөрдөх таатай орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.