Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран эх оронч үзэл хүмүүжилд тулгуурлан Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлжээ. Улмаар гарах үр дүн, санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулах зорилгоор “Эх оронч үзэл – үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо хурлыг нээж хэлсэн үгэндээ “Эх орноороо бахархдаг, эх орноо гэх сэтгэлтэй, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй иргэн тухайн улс орны үнэт эрдэнэ, оршин тогтнохын нэг үндэс болохыг тэмдэглэхийн зэрэгцээ манай орны аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийж, иргэдийнхээ эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэх нь улс орны аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх нэг чухал үндэс болох”-ыг онцоллоо.
Хурлын үндсэн илтгэлийг “Эх оронч үндэсний үзэл санаа” сэдвээр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (ScD), профессор, академич С.Нарангэрэл тавьж хэлэлцүүлэв. Түүнчлэн хуралд Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор Н.Жалбажав, Отгонтэнгэр их сургуулийн багш, Монгол Улсын гавьяат багш, доктор (PhD), профессор Б.Галиндэв, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, цэргийн ухааны магистр, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Монгол Улсын их сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор (PhD), профессор С.Даваасүрэн, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD), дэд профессор Ц.Минжин нар илтгэл тавив.
Хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сургалт, соён гэгээрүүлэх ажил хариуцсан ажилтнууд, эдгээр байгууллагуудын дэргэдэх сургууль, хүрээлэнгийн багш, судлаачид, төрийн болон төрийн бус 23 байгууллагын төлөөлөл оролцож, илтгэгч нараас асуулт асууж, санал дүгнэлтээ хэлж, өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эх сурвалж: Монгол цэргийн нэгдсэн холбоо