Аж ахуйн нэгж, байгууллага төдийгүй иргэд БОАЖЯ-ны зөвшөөрөлгүйгээр мод үрслүүлж, үржүүлэх хориотой, ийм зохицуулалт саяхнаас үйлчилж эхэлсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа үүнийг ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэлээ. Тэрбээр “Аж ахуйн нэгж, байгууллагууд, айл өрхүүд хашаагаа, орчин тойрноо “ногооруулах” зорилгоор мод, бут тарьж, үрслүүлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин мод үржүүлгийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж, бизнес эрхлэх сонирхолтой, төрөөс зарлаж буй тендер, худалдан авах ажиллагаанд оролцох, тарьц, суулгац их хэмжээгээр нийлүүлэх аж ахуйн нэгжүүд зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Бизнесийн үйл ажиллагаа учраас тодорхой хяналт, зохицуулалт байх ёстой. Наанадаж тарьц, суулгацын чанарын асуудал хөндөгдөнө. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд мод үржүүлэх тусгай зөвшөөрөл олгохдоо өөрийн гэсэн газартай, ойн инженертэй байх зэрэг хариуцлагатай холбоотой тодорхой шалгууруудыг тавьдаг. Тусгай зөвшөөрөл олгох үйл явцад ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Шинэ хууль, журам ч батлаагүй, өмнөх тогтолцоо хэвээрээ байгаа” гэлээ.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд мод тарих, үржүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьд урьдынхаас илүү дэмжиж байгааг тэрбээр онцлов. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрын тоо хоёр дахин нэмэгдэж, өдгөө 452 болоод буй гэнэ.