Хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн осол Баянзүрх дүүрэгт өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Уг осолтой холбогдуулан шатахуун түгээх станц болон галд өртсөн барилгуудад албаныхан шалгалт явуулсан. Дүгнэлтийг нь УОК-оос өчигдөр танилцууллаа. Хийн дэлбэрэлтэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг дөрвөн барилга өртсөн байна. Тэдгээр барилгын хийц эвдэрч, гадна фасадны 75 хувь нь шатжээ. Барилгын бат бэх чанар алдагдаж, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэсэн байна. Мөн барилгын дам нуруунд ан цав гарчээ. Галын оргил үеийн температур хучилтын хавтангийн арматур дээр 512, өрөөнүүдэд 1036, дам нуруунд 625 градус хүрчээ. 10 айлын сууц бүхэлдээ, 45 өрхийнх хэсэгчлэн галд өртсөн байна. Мөн бага хэмжээний галд өртсөн барилгуудад ч дулаан алдагдал ихтэй байгааг иргэд хэлжээ. Шалгалтын явцад дулааны шугамууд эвдэрснийг ч тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзжээ.
Түүнчлэн “Дашваанжил” компанид шалгалт хийхэд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй нь тогтоогджээ. Тодруулбал, тус компани 518 ажилтантай ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнгүй, цалин олгох журмаа хэрэгжүүлдэггүй, ажилчдаа даатгалд хамруулдаггүй, шаардлагатай хувцас хэрэгслээр хангадаггүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй байжээ. Мөн шингэрүүлсэн шатдаг хийн хадгалалт, түгээлтийн стандартыг мөрддөггүй, хий хадгалах савны өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн ч албаныхнаас зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон гэнэ. Эдгээр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан заавал биелүүлэх үүрэг ч тус компани алийг нь ч мөрддөггүй байж. Түүнчлэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй шатахуун түгээх 28 станц байгааг эл шалгалтын явцад тогтоосон гэнэ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн