“Улаанбаатар хотын есөн дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхыг бэхжүүлэх” төслийг НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл нь Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилттэй юм байна. Улаанбаатар хот дахь үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болгох нь эл төслийн зорилго аж.
Үүний хүрээнд гамшгаас авран хамгаалах албадын техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх нь. Тухайлбал, үерийн ус зайлуулах шахуургуудыг ОБЕГ-т нийлүүлэх гэнэ. Мөн үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих аж. Үүний зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургаж, дадлагажуулахаар төлөвлөсөн байна. Энэ бүхний үр дүнд Улаанбаатар хотын ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт сайжирч, бусад аймаг, хотод үлгэр дуурайл болгох юм.
Бэлтэгэсэн: М.Оч