Онцгой байдлын байгууллагаас цаг агаарын мэдээнд суурилан зудын байдлыг үнэлжээ. Үнэлгээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум мөсөн буюу төмөр зудтай байна. Түүнчлэн зургаан аймгийн 17 сум цагаан зудтай гэнэ. Үүнээс гадна долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу гэж үнэлэгджээ. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэн сум цагаан зудтай байна. Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Галшар, Дорнодын Халхгол сумд цагаанаар зудархуу байгаа ажээ. Манай орны нийт нутгийн 30 гаруй хувь нь өдгөө цастай байгаа юм.