Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлдөггүй хариуцлагагүй зарим айлаас болж “Рапид харш” хотхоны бүх өрх хэрэглээгээ хязгаарлуулж, хохирч буй талаар оршин суугчид нь мэдээллээ. Тус хотхонд амьдардаг нэгэн иргэн “Манай хорооллыг хариуцаж буй “Цэнгэлдэх ОСНААК” ХХК ус, дулааны төлбөрөө төлсөн, төлөөгүй бүх айлын хэрэглээг гурав хоног хязгаарласан. Зарим орон сууцын конторынхон зөвхөн төлбөрөө төлөөгүй өрхийн хэрэглээг хязгаарладаг. Гэтэл манай байрыг хариуцсан компани хариуцлагагүй айлуудыг хашраах гэхдээ хоморгод нь биднийг хохироож байна” гэв.
Хэрэглээний халуун ус, дулааны төлбөрөө төлдөггүй 188 өрхөөс болж “Цэнгэлдэх ОСНААК”-д сүүлийн хоёр жилд 100 гаруй сая төгрөгийн өр хуримтлагдаад буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор тус конторынхон хотхоны нийт айлуудын халуун усыг удаа дараа хязгаарлаж сануулга өгсөөр, өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-нд бүрэн тасалжээ. Ингэснээр “Рапид харш” хотхонд амьдардаг 2800 өрхийн 8000 гаруй иргэн хоёр өдөр усгүй болсон байна.
Хан-Уул дүүргийн XV хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Цэнгэлдэх ОСНААК”-ын зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох байгууллагуудад ханджээ. Тус компанийнхныг ажлын дотоод зохион байгуулалтгүй, ус, дулааны төлбөрийг хугацаанд төвлөрүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, оршин суугчдын халаалт, хэрэглээний усыг 2022 оноос хойш удаа дараа тасалж хохироосон хэмээн буруутгаж байгаа аж.
Үүнээс гадна Баянгол дүүргийн ХХ хорооны “Шинэ хотхон” хорооллыг хариуцдаг “Смарт план” ХХК-ийнхан ч оршин суугчдаа дээрхтэй адилаар хохироосон байна.