Барих ажил нь найм дахь жилдээ үргэлжилж буй Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам эвдэрчээ. Тус замын Хар модот давааны араас Урьхан хүртэлх буюу 80-81 дэх км-ийн зорчих хэсэг цөмөрсөн байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компанийнхан хамтран замыг засаж буйг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн тасгийнхан эвдэрсэн замыг тойруулан тэмдэг, тэмдэглэгээ тавьж, зорчих хэсгийг аюулгүй болгожээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Ус зайлуулах хоолойн нэг талын хэсэг шар усны үерт автжээ. Гүүрний болон ус зайлуулах хоолойн хоёр талд суулт өгөх тохиолдол их байдаг. Нягтаршуулалт муу хийснээс буюу технологийн алдаа гаргаснаас зам цөмөрсөн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байхад аливаа эвдрэл, гэмтэл үүсвэл гүйцэтгэгч компани бүрэн хариуцах үүрэгтэй. Зам, тээврийн хөгжлийн төвийнхөн далангийн шорооноос нягтаршлын дээж авч шинжилнэ” гэв.
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болгох бүтээн байгуулалтын ажил хараахан дуусаагүй ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зорчих хөдөлгөөнийг нь нээсэн билээ. Гэвч уг замыг тойрсон балаг үүгээр дуусахгүй бололтой.