Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд буюу Даян нуурын баруун эрэгт олон тооны загас үхсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд өчигдөр тархсан. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхнаас өчигдөр үүнийг тодруулахад “Нуурын эрэг дагуух хоёр хэсэг бүхий хонхор газарт олон загас боогдож үхсэн. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтэн, судлаачаас бүрдсэн зургаан хүнтэй баг тухайн газарт ажиллаад, загаснууд гаднын ямар нэг нөлөөгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэж дүгнэлээ. Гол, нуур хөлдөх, гэсэх үед ийм явдал тохиох нь бий. Гэхдээ ШУА-ийн Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр дээж авсан. Одоо үхсэн загаснуудыг нуураас гаргах, устгах, ойр орчмыг нь ариутгах ажлыг зохион байгуулж байна. Хорогдсон загаснуудын 90 орчим хувь нь Алтайн сугас, үлдсэн нь хадран байсан” гэв.