УИХ-ын гишүүн, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хийж буй албан айлчлалын хүрээнд “Ховд-Шинжаан” бизнес форум гуравдугаар сарын 29-нд Өрөмч хотод боллоо. Энэ удаагийн форумыг ГХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын газар, ЗТХЯ, МҮХАҮТ болон ШУӨЗО-ны АЗГ, Шинжааны Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран зохион байгуулав. Форумыг нээж БНХАУ-ын ШУӨЗО-ны АЗГ-ын орлогч дарга Жу Ли Фан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нар оролцжээ.
Тус форумд Монголын баруун бүсийн 60 орчим бизнес эрхлэгч, Шинжааны 100 гаруй ААН оролцож ХАА, мал аж ахуй, аялал жуулчлал, арьс шир хувцас боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материал, тээвэр логистик зэрэг салбарын асуудлаар харилцан туршлага солилцов. Форумын үеэр сүүлийн 15 жил зогсонги байсан Монголын баруун бүс, Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн харилцааг сэргээх, идэвхжүүлэх ажлын эхлэл тавигдсан хэмээн онцоллоо.
“Ховд-Шинжаан” бизнес форумд МҮХАҮТ-ын Даргын баруун бүсийн зөвлөх Н.Цэрэнбат, Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар оролцов. Энэ үеэр МҮХАҮТ-ын ЕНБДарга С.Баясгалан Шинжааны Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ан Тао нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хөрш залгаа баруун бүс нутгийн бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих хурал, уулзалтуудыг идэвхтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.
Эх сурвалж: МҮХАҮТ