“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны үйл ажиллагаанд өнгөрөгч долоо хоногт Үндэсний Аудитын газраас анх удаа өргөн хүрээний хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтад үндэслэн одоо хэрэгжүүлж буй төслүүдээ дуусгах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх зөвлөмжийг өгсөн байна. Мөн тус компанийн үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийсний дараа ногдол ашиг тараах асуудал эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Урьдчилсан тооцооллоор гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд ногдол ашиг тараах тухай төлөвлөсөн. Тэгвэл маргаашнаас 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараана. Ингэхдээ тухай иргэн татварын дараах байдлаар 256 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Тиймээс иргэд өөрт байгаа хувьцааг нэгж бүрийн үнэ болох 238 төгрөгөөр үржүүлэн, хэдэн төгрөг авахаа тооцож болох юм. Манай улсын 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг харилцан адилгүй тоотойгоор эзэмшдэг.
Дээрх ногдол ашигт нийт 800 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол бий. Тус компани 2023 онд 3.2 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. 2024 онд тус компани нийт 30 орчим сая тонн нүүрс худалдаж, 2023 оны борлуулалтаа бууруулахгүй байх зорилго дэвшүүлжээ. Одоогийн байдлаар манай улс нийт 17 сая тонн нүүрс экспортолсноос 10 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийлүүлжээ.