Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2023 онд 75.9 сая ам.долларын ашигтай ажилласан. Энэ нь 2022 оны цэвэр ашиг болох 13.6 сая ам.доллароос даруй 457 орчим хувиар өссөн дүн аж. Тус компанийн үйл ажиллагаа ийнхүү сэргэхэд БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдал дээрдсэн, мөн борлуулалтын сүлжээ тэлж, хэрэглэгчдийн суурь төрөлжсөн нь голлон нөлөөлснийг 2023 оны тайландаа дурджээ.
“SouthGobi Resources” урт хугацаандаа БНХАУ-аас 40 км-ийн зайд байрших “Овоот толгой” уурхайн үйл ажиллагаанд голлон төвлөрнө. Мөн гол хувьцаа эзэмшигчтэйгээ стратегийн түвшинд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүнээс гадна 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус компанид бүртгэгдсэн татварын өр, торгуулийн дүн 85.1 сая ам.доллар хүрчээ. “SouthGobi Resources” компани Монголын татварын албанд дээрх торгуультай холбоотойгоор 1.2 сая ам.доллар төлөөд байгаа аж.