Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар, Европын Холбоотой хамтран “Бизнес ба хүний эрх: Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө ба төслийн үр нөлөө” сэдэвт олон талт уулзалтыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уулзалтад бизнес эрхлэгчид, бизнесийн холбоо, худалдааны танхим, хөгжлийн түнш, иргэний нийгэм болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, бизнес ба хүний эрх сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлэв.
НҮБ-аас 2011 онд баталсан, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон. “Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах удирдах зарчмууд”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2023 оны зурагдугаар сарын 14-ний өдөр “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталжээ.
Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөгчид Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний өнөөгийн хэрэгжилт, ахиц дэвшил, сорилт бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Төлөвлөгөөг амжилттай, бодитой ажил хэрэг болгоход оролцогч бүх тал, тэр дундаа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо, идэвх санаачлага нэн чухлаас гадна төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал.