Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж нийт 24 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны 12 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлт болон 13 дугаар тогтоолоор баталсан “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө. Мөн нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохоор боллоо. Түүнчлэн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн салбарт санхүүгийн зээл олгох, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын мөн факторингийн үйлчилгээ эрхлэх, төлбөрийн баталгаа гаргах болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрөл, гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан компанид, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр гурван компанийг бүртгэхээр тус тус шийдвэрлэсэн юм.
Харин нэг компанийн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ.