Засгийн газар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зүтгүүлж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарчээ. Дээрх хуулийн төслийн хүрээнд гурван санг авч үзнэ. Нэгд, Ирээдүй өв санд АМНАТ-ын 65 хувийг 2030 хуримтлуулж, бодлогын дагуу зарцуулна. Хоёрт, Хуримтлалын нэгдсэн сан байгуулна. Иргэн бүр өөрийн данстай, боловсрол эрүүл мэндийн чиглэлд зарцуулах боломжийг олгоно. Гуравт, хөгжлийн сан байгуулна. Бүс нутгийн хөгжлийн санг хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор тус санг байгуулахаар боллоо.
2023 оны татварын үзүүлэлтээс харахад тогтворжуулалтын санд 1.2 их наяд төгрөг бүрдэх боломжтой гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компаниуд ногдол ашгийнхаа 34 хувийг хуримтлуулна. Ингэхдээ “Оюутолгой” ХК-ийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулан эзэмшиж буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 72 хувиас 34, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 34 хувийн ногдол ашгийг тус тус хуримтлуулах юм.