Монгол Улсад жил бүр багаар бодоход 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батерей байгальд хаягддаг байна. Үүнээс 1200 орчим тонн буюу 30 мянган ширхэгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолдог аж. Энэ нь нийт хаягдлын 19 орчим хувийг эзэлж, үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж ирсэн. Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай 20 МКВ талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй.
Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагджээ. Ингэснээр орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалга болон хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлнэ. Улмаар 75 хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт 1.2-1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолжээ. Засгийн газрын зүгээс орчин үеийн техник технологийн шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг бодлогын хувьд дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.
Эх сурвалж: ЗТХЯ