Манай улсын хүнсний гол нэрийн хэрэгцээт бүтээгдэхүүнд өндөг багтдаг. Гэтэл томоохон зах, худалдааны төвүүдэд өндөг ховордож, эрэлт нь ихэсжээ. Мөн үнэ нь ч нэмэгдсэн байна. Үйлдвэрлэгч компаниудын нийлүүлж буй өндөг зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрснээс ийм байдал үүссэн гэнэ. Энэ талаар худалдаа эрхлэгчид “Өнгөрсөн долоо хоногоос өндөг ховордож эхэлсэн. Хойд хөршөөс оруулж ирэхээ больсноос шалтгаалан нийлүүлэлт тасалдаж, бөөний үнэ нь хэмжээнээсээ хамаараад 650-750 төгрөг болж өссөн. Өндгөө бүгдийг нь лангуун дээр тавихаар иргэд их хэмжээгээр авч байна” гэв. “Түмэн шувуут” компанийн Борлуулалтын албанаас өндөг ховордсон шалтгааныг тодруулахад “Манайх хэвийн ажиллаж байгаа. Аравдугаар сараас хойш үнээ нэмээгүй. Нэг өндөгний үнэ 500 төгрөг байна. Түр зуурын хомсдол үүсэхэд үнээ өсгөхгүй” хэмээлээ.
Худалдагчдын хэлснээр ОХУ-аас өндөг импортлохоо болиод хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн гэнэ. Үүний улмаас манай үйлдвэрлэгчид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, 14 хоногт нэг удаа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж.
Бэлтгэсэн Б.Энхзаяа