“Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэхээр боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.
Тодруулбал, Цагаандэл-Уул боомтын зураг төслийг дуусгаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Шивээхүрэн, Ханх, Хавирга боомтын нарийвчилсан зураг төслийг дуусгажээ. Замын-Үүд, Боршоо боомтын барилга угсралт, зорчигч тээврийн цогцолбор баригдаж, ачаа тээврийн хэсгийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн, Бургастай, Арцсуурь, Эрээнцав, Баянхошуу, Сүмбэр боомтын нарийвчилсан зураг төслийг хийлээ. Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн 1, 4 дүгээр хэсгийг, мөн Сүхбаатар боомтын Нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн барилга угсралт, Боршоо боомтын бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад оруулсныг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв.