“Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан нэг өдрийн сургалт, өдөрлөгийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй сэтгүүлч, мэргэжилтэн өөрсдийн ойлголтыг сайжруулж, улмаар улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой байдлаар мэдээлэх чиглэлээр практик ур чадвараа нэмэгдүүллээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоог өндрөөр үнэлж “Европын Холбоо нь хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч үзлийг ардчиллын нэгэн тулгуур багана, мөн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх чухал хүчин зүйл гэж үздэг. Хэвлэл мэдээлэл нь төсвийн асуудалд анхаарал хандуулж, ил тод байдлыг дэмжих замаар нийгмийн сайн сайхны төлөө төр засгийн хариуцлагыг нэмэгдүүлж улмаар төрийн санхүүгийн удирдлагад онцгой хувь нэмэр оруулдаг” хэмээн хэллээ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцсон тус өдөрлөгийг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран зохион байгуулав.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тус үйл ажиллагааны ач холбогдлыг онцгойлон дурдаж, “Төсвийн ил тод, хариуцлагатай байдал гэдэг нь монголчууд болон улс орны хөгжлийн замналд нөлөөлөх амин чухал сэдэв. Олон нийтэд зөв мэдээлэл түгээж, төр засаг хариуцлагатай, ил тод ажиллахад хэвлэл мэдээллийн дэмжлэг, оролцоо онцгой чухал. Төсвийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой мэдээлэх нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг тул хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэхүү өдөрлөгөөр бид төсөвлөлт, төлөвлөлтийн сэдвээр дүн шинжилгээ хийх, мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохыг зорьж байна” гэв.
Тус үйл ажиллагааны нэгэн хэсэг болох хэлэлцүүлгийн үеэр судлаач эдийн засагч, шийдвэр гаргагч болон хэвлэлийн төлөөлөл бүхий зочин оролцогчид үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага зэрэг сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, төсвийн чиглэлээр тулгамждаж буй асуудал, бодлого төсөвлөлтийн урт хугацааны тогтвортой байдал зэрэг сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэв. Түүнчлэн эдийн засаг, төсвийн талаарх мэдээ мэдээлэл бэлтгэхэд сүүлийн үед ашиглаж буй арга техникүүд, тухайлбал эдийн засгийн мэдээллийг тайлбарлах сэтгүүл зүйгээр хүргэх, Хиймэл оюун ухаан болон Рийл ашиглан мэдээ хийх, олон улсын хэвлэлд Монголоос мэдээ хэрхэн бэлтгэж оруулах талаар суралцах боломж сэтгүүлчдэд олгосон юм.
Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Бид төсвийн тогтолцоогоо бусад улс орнуудад эрчимтэй нэвтрүүлэн хэрэглэж эхлээд буй үр дүнд чиглэсэн төсөвлөлтийн чиг хандлага руу нийцүүлж шинэчлэх томоохон зорилт тавьж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилго, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж 2020 онд УИХ-аас баталсан Алсын хараа 2050-Урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох учиртай” хэмээн онцлон тэмдэглэв.