Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Уршиггүй Уул Уурхай” сэдэвт хурал зохион байгууллаа. Монгол Улсын эдийн засаг, экспортод нөлөө бүхий уул уурхайн салбарын үр өгөөж, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээл, гадаадын уул уурхайн амжилтын кэйс, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
“АмЧам Монгол”-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “2023 онд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, үүнийг дагаад хөрөнгө оруулалт орж ирсэн. Гэвч үүнээс өөр хөрөнгө оруулалт тус онд орж ирсэнгүй. Мөн Зөөвч-Овоо ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон "Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Гэвч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид сонгууль өнгөрөхийг хүлээж байна. Сонгуулийн дараа Засгийн газрын бодлогод залгамж халаатай байх уу, эсвэл өөрчлөгдөх эсэхээс хөрөнгө оруулагчид орж ирэх үү үгүй юу гэдгээ шийдвэрлэх хүлээлттэй байна” гэж тодотголоо.
Франц улсын төрийн өмчит "Орано" групп болон Монголын төрий өмчит "Мон-Атом" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани 25 жил хайгуул судалгаа хийсний үр дүнд 100 мянга гаруй тоннын нөөцтэй, дэлхийд аравт эрэмбэлэгдэх Зөөвч-Овоо ураны ордыг нээж илрүүлсэн. Энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Францын Засгийн газрын харьяа “Орано” групп, манай улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс Монгол” нэгдэлийн хороонд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй байгуулах нь анхаарлын төвд байна.
Энэ талаар “Бадрах Энержи ХХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Мелеард “Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын гэрээ хүлээлтийн байдалтай байна. Хөрөнгө оруулалтаас өмнө олон нийтэд энэхүү гэрээний талаарх мэдээллээ хуваалцах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн опетартор компаниудын санхүүжилтын асуудал ч хөндөгдөнө. Ураны төслийг Монгол, Казахстан улсуудад зэрэг эхлүүлж байсан. Тухайн үед Казахстан улсын зүгээс манай компанид буюу Орано группт ураны төсөл дээр ажиллах саналыг тавьсан. Ганц Орано групп төдийгүй Канадын Камико, ОХУ-ын Рос Атом гээд бусад бүх л томоохон компаниудад үүд хаалгаа нээсэн. Казахстан улс хамтарсан компани олныг байгуулж, ураны олборлолтыг аль болох богино хугацаанд эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байлаа. Тиймээс Казахстан улс дахь төсөл маань ураны эрэл хайгуулын үйл ажиллагаа, дараа нь үйлдвэрлэлийн туршилтын байгууламж, худалдааны чиглэлээр анхныхаа бүтээгдэхүүнүүдийг гарган авах зэрэг богино хугацаанд амжилттай хэрэгжсэн. Харин монголын төсөл дорвитой урагшлахгүй, хүлээлтийн байдалтай байна” гэж онцоллоо.
Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга, “Монголын Үндэсний Уул Уурхайн Холбоо”-ны Тэргүүн Г.Батцэнгэл, “Рио Тинто Монгол”-ын Бизнес хөгжил хариуцсан захирал Э.Хонгорзул, “Бадрах Энержи ХХК”-ийн Гүйцэтгэх захирал М. Мелеард, “Терра Эксплорерз ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Р. Карпуз оролцсон.
Хэлэлцүүлгийн үеэр УУХҮ-ийн дэд сайд Б. Уянга “Уул уурхайн салбарын томоохон чуулган болох PDAC-т салбар яам болон хувийн хэвшил хамтран хөрөнгө оруулагчдад зориулсан өдөрлөгийн зохион байгуулсан. Уул уурхайн шилжилт тэр дундаа критикал минералын хайгуул, олборлолт, ногоон уул уурхайг бий болгох бодлого, хууль эрх зүйн орчны талаарх мэдээлэл өгсөн. Үндэсний нөөц боломждоо тулгуурлан маркентинг хийж, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Тиймээс төрийн болон хувийн хэвшил хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд ажилласан. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхайг бий болгох бодлого чухлаар хөндөгдсөн” гэж ярилаа.