Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж , өмнөх оны мөн үеэс 495.3 (12.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 365.7 (12.7%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл75.3 (9.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 365.7 (12.7%) тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 358.7 (31.3%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 21.8 (1.5%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 16.9 (82.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн. Тус салбарт цэвэршүүлээгүй алт, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, баяжуулсан нүүрс, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 хувиас 3.3 дахин өсөж, харин хүрэн нүүрс, газрын тос 0.3–11.1 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт нүүрсэн шахмал түлш, ноолууран сүлжмэл эдлэл, цэвэр спирт, шохой, ус, ундаа жүүс, самнасан ноолуур, цагаан архи, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 3.0 хувиас 2.1 дахин өсөж, харин гурил, шингэн сүү, катодын зэс, малын мах, янжуур тамхизэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.2– 28.4 хувиар буурсан бол металл бэлдэц өмнөх оны түвшинд байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 754.5 (10.7%)тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 726.2 (12.9%) тэрбум төгрөгөөр, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 44.6 (11.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 726.2 (12.9%) тэрбум төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 621.9 (19.6%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 125.0 (5.7%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 6.0 (12.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн юм.
Гадаад зах зээлд 5.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 5.8 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 60.7 хувийг нүүрс олборлолтын салбар, 35.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 0.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.