Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, 2022 оны арвандугаар сарын 23-ны өдөр батлуулсан. Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журам”-ыг баталж, 2023 оны 59 дүгээр тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэж, 2023 оны 1 дүгээр сараас нүүрсний арилжааг нээлттэй, дуудлага худалдааны зарчмаар борлуулах ажлыг эхлүүлсэн. Биржээр арилжиж эхэлснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, худалдаалах үнэ өсөж, худалдан авагч тал аливаа зуучлагчгүйгээр шууд худалдан авах тогтолцоо бүрдэж, төсвийн орлого нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүн гарсан.
Салбар яамнаас биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг нэмэгдүүлэхээр “нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш”-ийг биржээр арилжаалах бүтээгдэхүүнд тооцон Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ хүрээнд нүүрснээс гадна төмрийн хүдэр, хайлуур жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үндэсний ангиллын стандартуудыг шинэчилжээ. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд экспортын бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалах үүрэг хүлээсэн. Нүүрс, төмрийн хүдэр, баяжмалыг биржээр арилжаалах ажлыг үе шаттайгаар эхлүүлснээс хойш 2023 оны жилийн эцсийн байдлаар 14.9 сая.тн нүүрс, 604.8 мян.тн төмрийн баяжмалыг тус тус арилжиж нийт 2,186.2 сая ам.долларын борлуулалтын орлого олжээ. Мөн биржийн үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.
Улмаар Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн 2-т “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжааг эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус яамнаас Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай саналыг боловсруулж, 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Энэхүү арилжааны гол зорилго нь ил тод болох. Худалдан авагч талд нээлттэй байх. Гол худалдан авагчдад нээлттэй, цэгцтэй тогтолцоог бий болгохоор зорьж байна. Тиймээс зэсийн баяжмалыг биржээр худалдаална. Худалдан авах сонирхол ч их байна. Эхний ээлжинд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын нийт зэсийн баяжмалын 5-10 хувийг худалдахаар төлөвлөсөн. Жил жилээр энэхүү хэмжээг өсөж, 30, 50 хувьд хүрнэ” гэж тодотголоо.
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй. 2023 оны үйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Цаашид “Оюу толгой” төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая.тн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ хүрээнд өнөөдөр “Зэсийн баяжмалын биржийн арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг худалдагч, худалдан авагч талуудын оролцоотойгоор танхимаар болон онлайнаар зохион байгуулж, арилжааны зарчим болон гэрээний нөхцөл зэрэг асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонгконг, ОХУ, Швейцар, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк зэрэг улсын, мөн дотоодын аж ахуй нэгжүүдийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.
Зэсийн баяжмалын дуудлага худалдаанд оролцохоор ирсэн БНХАУ-ын Жүнтяошань группын дэд ерөнхийлөгч Рубин Бай “ Манай групп 1956 онд Хятадын үндэсний “Эхний таван жилийн төлөвлөгөө”-ний үеэр байгуулагдсан. Хятад дахь зэс үйлдвэрлэлийн долоон томоохон баазын нэг юм. 68 жилийн турш цаг үеийн өөрчлөлт, зах зээлийн туршилтын үр дүнд зэсийн геологи, хайгуул, зураг төсөл, олборлолт, ашигт малтмалын боловсруулалт, хайлуулах, зэсийн шинэ материалыг нэгтгэсэн Хойд Хятадын хамгийн том зэсийн компани болтлоо хөгжиж байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьд Нортерн Зэс нь Жүнтяошань группын зэсийн салбарын үндсэн ашигтай нөөц ба гол бизнесийг төвлөрүүлж, орчин үеийн гурван үндсэн уурхай, хоёр өндөр технологийн хайлуулах үйлдвэр, зэсэд суурилсан шинэ материалын гүн боловсруулах үйлдвэртэй. Жунтяошань групп нь зэсийн баяжмалын импортын бизнесээр танай улстай удаан хугацааны турш эдийн засаг, худалдааны нягт харилцаатай байсан. 2023 онд “Оюу толгой ХХК” (ОТ уурхай) болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 90 мянган тонн зэсийн баяжмал импортолж байна. Энэ удаад Монгол Улсын Уул уурхайн яам, “Эрдэнэт” үйлдвэрээс урилгаар танай улсад 30 мянган тонн зэсийн баяжмал худалдан авах тендер, худалдан авах ажиллагаанд оролцохоор ирсэн. Мөн Монголд зэс хайлуулах үйлдвэр барихад туршлага хуваалцах хэлэлцээр хийнэ. Энэхүү хамтын ажиллагааны ач холбогдол нь хайлуулах үйлдвэрийн шинэ төслийг түргэн шуурхай, саадгүй ахиулж, хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байна” гэлээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжих төрлийг нэмэгдүүлснээр байгалийн баялгийн үр өгөөж өсөж, худалдан борлуулах үйл явц авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, экспортын орлого нэмэгдэх, төсвийн орлого тэлнэ гэдгийг салбар яамнаас онцолж байна.