БШУЯ, МУИС, ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны салбарын судлаачид, залуу энтерпренерүүд, их, дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулах нь. Үүний хүрээнд судлаачдын инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалтыг ирэх сарын 1-5-нд зохион байгуулахаар болжээ. Байгалийн ухааны салбарт өндөр технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр судлаачдыг чадавхжуулж, гарааны компани байгуулах, шинэ, шилдэг санаагаа бодит ажил болгоход туслах нь уг ажлын зорилго аж. Үүнд оролцогчид багуудад хуваагдан, гарааны бизнесээ зөв эхлүүлэх үндсэн алхмуудад суралцах гэнэ. Мөн инновац хэрхэн бий болдог талаарх хичээлд хамрагдан, гарааны бизнес эрхлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчны талаар мэдээлэл олж авна. Цаашлаад технологи хөгжүүлэх, санхүүгийн төлөвлөгөө гаргах, бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх аргад суралцах юм байна. Багууд сургалтын дүнд старт ап компани байгуулах гэнэ. Сургалтын бүртгэлийг эхлүүлээд буй бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Бэлтгэсэн М.Оч