Багануур дүүрэгт мөстсөн, хөлдүү газарт техник хэрэгсэл ажиллахад хүндрэлтэй байгаа тул шар усны үерийн эрсдэлийг бүрэн арилгах боломжгүйд хүрчээ. Тус дүүрэгт өнгөрсөн өвөл ахиу хэмжээний цас орсны улмаас гуу жалга, нам дор газруудад хунгар үүссэн байна. Мөн сүүлийн өдрүүдэд цаг агаар огцом дулаарснаар цас, мөс хайлж, шар усны үерийн эрсдэл нэмэгджээ. Тиймээс Багануур дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийнхэн газар дээр нь ажиллаж, арга хэмжээ авч буйгаа уржигдар мэдээлэв. Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны Байдлаг хэсгийн зарим айл өрх шар усны үерт автсан байна. Түүнчлэн тавдугаар хорооны Нарангийн хэсгээр дайран өнгөрдөг ус зайлуулах шугам мөстөж бөглөрсөн гэнэ. Үүний улмаас ус хальж, гудамж, талбай үерт автжээ.
Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 айл өрх байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. Орон нутагт ч шар усны үер тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумд Зуунмод голын эрэг дагуух айл өрхүүд усанд автжээ. Тиймээс холбогдох албаныхан нь айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас шар усны үерийн эрсдэлийг улам нэмэгдүүлэх хандлагатай байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн: А.Үүлэн