Оросын ард түмний өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу “Шар тосны баяр”-ыг Улаанбаатар дахь Русский Домд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярыг Оросын ард түмэн эрт дээр үеэс тэмдэглэж иржээ. Эртний түүхтэй энэхүү баярыг Оросууд онгоноо шүтэх уламжлалаас өвлөн авсан гэдэг. Тодруулбал, эрт дээр үед нар эргэж, хавар эхэлсний баяр, удаан үргэлжилсэн Оросын өнөтэй өвлийг давсныг баяр хөөртэйгөөр үддэг. Цог жавхаатай энэхүү баяраар хот тосгодын төв гудмаар өргөн зугаалга хийдэг аж. Ингэхдээ сүрлээр хийсэн мануухай барьж явдаг байжээ. Мануухайгаар өвлийг дүрсэлж, “Шар тосны баяр”-ын сүүлийн өдөр “хавар айлчлан ирлээ” хэмээн тунхаглаж, мануухайг шатаах ёсон одоог хүртэл хадгалагдсан.
Тэгвэл өвлийг үдэх оросын ёслол цэнгүүнийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олноос зохион байгуулдаг. Ард түмнийхээ түүх, соёл, язгуур урлаг, эртний ёс заншилд хандах эх орон нэгтнүүдийн сонирхлыг сэргээн төлөвшүүлээд зогсохгүй Монголын орчин үеийнхэнд Орос үндэстний соёлд суралцах боломжийг бүрдүүлдэг байна. Энэ хүрээнд жил бүр өөрийн талбайд “Шар тосны баяр”-ыг өргөн дэлгэр зохион байгуулдаг уламжлалтай.
Улаанбаатар дахь Русский Домын захирал Валерия Кильпякова “Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад “Шар тосны баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн баярын онцлог бол Красноярскийн Курагины дүүргээс ирсэн “Метелица чуулга” өөрсдийн өвлийг үдэх тоглолтоо толилууллаа. Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль мөн болж байгаараа онцлог. Түүнчлэн бидэнтэй хамтран ажилладаг байгууллагуудын том шагналын сантай сугалаа явагдлаа. Ням гарагт болж буй учраас манай шашины хувьд ням гарагт өвлөө үдэж байна. Энэ үеэр “Гомдоосон бол уучлаарай” хэмээн бие биедээ хэлдэг уламжлалтай. Ийм онцлогтой учраас олон хүмүүс баярт ирсэн байна” хэмээн ярилаа.
Шар тосны баярын үеэр ирсэн зочид баярлан цэнгэж, Орос Монгол иргэд РЦНК-ийн гаднах талбайд өргөнөөр цугларчээ. Мөн бин, шорлог, халуун цай, кофе ууж, Оросоос ирсэн ардын язгуур урлагийн хамтлагуудын тоглолт үзэж, амралтын өдрөө өнгөрүүллээ.
“Шар тосны баяр”-т оролцож буй Татьяана Бейс “Монголд ирээд гурав дахь жилдээ амьдарч байна. Хоёр дахь удаагаа энэхүү баярт дарааллан оролцож байна. Ер нь нэг өдөр Орос орондоо очсон юм шиг мэдрэмж авдаг учраас “Шар тосны баяр”-т оролцох дуртай” гэлээ.