Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутам хуралддаг. Тус хороо 2023 оны арванхоёрдугар сард хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэж үзэж байна. Мөн Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, инфляц 7 хувьд хүрчээ.
Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байна. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд хүлээлтээс өндөр гарчээ. Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхэжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна.
Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлтэй. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлнэ.