Инфляцад эзлэх импортын барааны хувь хэмжээ буурч буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаарх статистикаар импортын барааны үнэ инфляцад 31.4 хувиар нөлөөлжээ. Инфляцад эзлэх импортын барааны үнэ өнгөрсөн оны долдугаар сард 45-аас 35.8 хувь болж буураад байгааг мэдээлж байсан юм. Энэ хувь хэмжээ цар тахлын үед 60 хувь байв.
Энэ оны хоёрдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.0 хувьтай гарлаа. Үүний 2.9 нэгж буюу 41.0 хувийг хүнсний барааны бүлэг эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хүнсний барааны бүлгийн үнэ 10.1, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.8, барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.3 хувиар тус тус өсжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг 13 бүлгээр хуваан тооцдог байна. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сагсанд 411 бараа ордог, үүний 227 -г нь импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг юм.