Сангийн сайд Б.Жавхлан, холбогдох албаны хүмүүстэй хамт хилийн Ханги боомтод ажиллаж, тулгамдаж буй асуудалтай танилцжээ. Манай улс 2024 онд 60 сая тн нүүрс экспортлох зорилт тавьж, Ханги боомтоор энэ онд 10 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Иймд тус боомт дахь ачаа тээврийн урсгал, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн терминал чухал үүрэгтэй. Тус терминалын бүтээн байгуулалт Ханги боомтод өрнөж буй. Ирэх зургадугаар сард ашиглалтад орно.
Боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдтэйгээ уулзаж,ярилцлаа. Энэ үеэр ААН,иргэдийн төлөөлөл Ханги боомтын орчимд суурьших иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас ундны ус, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Мөн сургууль, цэцэрлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээний төв, хүнд даацын автомашины оношилгооны төв байгуулах хэрэгцээ бий.