Ямар ч сайн засаглалтай байсан Монголд банкны үйл ажиллагаа эрхлэх нь өндөр эрсдэл дагуулдаг. Учир нь манай улстөрчид, нэртэй бизнесменүүд буюу том зээлдэгчид банкнаас авсан зээлээ төлөхгүй луу унжиж, хүүг нь үеийн үед гацаасаар ирсэн. Нэмж хэлэхэд, Монголын шүүх байгууллага үүнд хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг нь Монголбанк, ССГ-ын Судалгааны хэлтсээс хийсэн судалгаагаар ил болсон асуудал. (Судалгааны үр дүнг мэдээллийн төгсгөлд цухас дурдах болно.) Шуудхан хэлэхэд, энэ нь банкууд дампуурч, эдийн засгийн чадамжгүй болох нөхцөлийг бүрдүүлж, банкны хөгжлийг хойш татсаар ирсэн. Шүүхийн системийн энэхүү ялзрал, том зээлдэгчдийн ёс зүйгүй байдал сүүлийн 30 жил үргэлжилж буй.
Асгасан бол арч, унагасан бол ав, нээсэн бол хаа гэдэг шиг банкнаас зээл авсан бол төлөх л учиртай. Энэ дүрмийг хэрэглээний зээлдэгчид хамгийн сайн баримталдаг. Тодорхой хэлбэл, тэд авсан зээлээ тухай бүр нь саатуулалгүй төлдөг. Банкууд хөрөнгө оруулагчдаас гадна эдгээр зээлдэгчдийн төлсөн хүүнд тулгуурлан, тодорхой хэмжээний өгөөжтэй ажилласаар иржээ.
Харин том зээлдэгчид Иргэний хуулийн зүйл заалт ашиглан авсан зээлээ ч, хүүг нь ч төлөхгүй удаашруулж банкуудыг хохироосоор. Тэд Иргэний хэргийн шүүхэд хандаж, наанадаж 80 хоног, цаашлаад бүр таван жилээр зээлийн үндсэн төлөлт болон хүүг нь гацаадаг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ч энэ хэрээр сунжирдаг. Харин энэ хугацаанд том зээлдэгчид мөнгөө эргэлдүүлсээр, ашгийг нь хүртсээр байдаг. Том зээлдэгч гэж хэн бэ. Улс төрд орж бизнесээ хамгаалах гэсэн, эс бөгөөс улс төрд орж бизнесээ босгох гэсэн этгээд. Манай улс уул уурхайн орлогоо төсвөөр дамжуулж зарцуулдаг учраас тэд ийн улс төрд ордог. Улмаар өөрсдөд нь ашигтай учир Иргэний хуулийн нэмэлт, өөрчлөлт, бусад шинэчлэлийг гацаасаар ирсэн гэхэд хилсдэхгүй.
Угтаа Иргэний хууль нь нийгмийн харилцааг зохицуулах ёстой хамгийн том суурь эрх зүйн баримт бичиг. Гэвч эдийн засгийн болоод мөнгөний урсгалд хамгийн их хамааралтай эл хууль маш гүн “цоорхойтой”. Эл “цоорхойг” ашиглан томоохон зээлдэгчид банкны зээлээ төлөлгүй гацаадаг. Сүүлийн 30 жил үргэлжилсэн эл үзэгдлийн улмаас өдгөө Монголд банкнаас авсан зээлээ төлөхгүй, зугтаж, бултаж, сунжирч болдог гэх ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Улмаар банкныхан энгийн зээлдэгчдэд итгэж мөнгө өгөхөд маш бэрх тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл, энгийн иргэн, жижиг дунд үйлдвэрлэгчид банкнаас зээл авна гэдэг амаргүй даваа болсон. Харин барьцаа хөрөнгөтэй том зээлдэгчид банкнаас хэдэн арван тэрбумаар нь зээлдэг. Гэхдээ дээр дурдсанчлан том зээлдэгчид зарим шүүгчтэй “өвөр түрийдээ орж” хуулийн “цоорхой” ашиглан зээлийн маргаанаа өөрсдөдөө ашигтайгаар шийдүүлж, улсын эдийн засгийг гацаасаар байгаа билээ.
Өнөөдөр банкнаас зээл авахад дундаж хүү нь 16 хувь байдаг. Банкнаас нэг тэрбум төгрөг зээлэхэд жилийн хүү нь 160 сая төгрөг болно. Харин том зээлдэгчид эл 160 сая төгрөгийн хүү төлөх биш, 100 саяыг нь шүүхийн системд зарцуулахыг илүүд үздэг. Тиймээс иргэний хэргийн зарим шүүгч Дампуурлын тухай хуулийг хэрэгжүүлдэггүй. Ер нь манай улсад Дампуурлын тухай хууль нь үйлчилдэггүй цөөн орны нэг. Иргэний шүүхээс компанийг нь дампуурахгүй, дээр нь зээлийн хүүг нь гацаачихаар банкныхны мөнгөө нэхэх боломжийг хаачихаж буй хэрэг. Тиймээс өр, өглөгтэй компаниудын тоо Монголд газар авсан. Эздүүд нь зээлсэн мөнгөө төлөхгүй ч, ашиглаад л завшаад явж байдаг гэх. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд манай шүүхийн систем эдийн засгийг үр ашигтай байлгаж, эргэлтэд оруулах биш гацаасаар иржээ. Үүний илрэл нь шүүхээс барьцаа хөрөнгийг гацаадаг явдал юм. Тухайлбал, барьцаа хөрөнгө нь тоног төхөөрөмж бол шүүхийн системийн нөлөөгөөр таван жил агуулахад үр ашиггүй “хэвтдэг”. Тоног төхөөрөмж байгаад үйлдвэрлэл явуулахгүй лацадна гэсэн үг. Таван жилийн турш бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд боломжийг нь ийн хаадаг. Барьцаа хөрөнгө байшин гэж бодъё. Мөн л Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лацадчихна. Ингээд үйл ажиллагаа явуулах, түрээсийн орлого олох боломжгүй болно. Ийм нөхцөл байдлын улмаас шүүхийн системийг ялзарсан гэх олны яриа гарсан болов уу. Харамсалтай нь, шүүхийн эл ялзрал тогтолцоог ашигладаг хүний тоо ч нэмэгджээ. Бүр бүлэглэл болтлоо хөгжиж дийлдэхээ больсон гэх. Үүний тод жишээ нь Хадгаламж банкны гашуун түүх юм. Өдгөө энэ гашуун зовлонг Хөгжлийн банкныхан “амсаж” яваа.
Тиймээс том зээлдэгчдийг өөхшүүлсэн Иргэний хуулийн “цоорхойг” нөхөх шаардлагатай. Үүний тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн чухал асуудал болоод буй. Уг нь УИХ-аас 2020-2023 онд Зээлийн хүү бууруулах стратеги баталж, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Гэвч Засгийн газар үүнийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас Зээлийн хүү бууруулах стратеги хэрэгжсэн, эсэх талаар тодруулахад “Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай байсан нь УИХ-аас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги 2020-2023”-ын хүрээнд хүүгийн түвшин ердөө 0.6 нэгж хувиар буурсан, хэрэгжилт хангалтгүй” хэмээх хариултыг өгсөн.
Тэгэхээр Засгийн газар “Зээлийн хүү бууруулах стратеги 2020-2023”-ыг хэрэгжүүлж байж, УИХ-аас Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зээлдэгчид шүүхэд хандаж, “новшрох” боломжийг хааж, зээлээ цагт нь төлөх нөхцөл бүрдэнэ. Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй (Doing Business)-2020” судалгаагаар бизнес эрхлэхэд амар хялбар байдлаар Монгол Улс өнөөдөр дэлхийн 190 орноос 81-т жагсаж байна. Энэ нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад дээгүүр байр боловч цаашид бизнесийн орчныг сайжруулах шаардлагатайг илтгэж буй явдал.
Монголбанк, ССГ-ын Судалгааны хэлтсээс Чанаргүй зээл барагдуулалтын судалгаа хийж, үүндээ үндэслэн тодорхой саналууд гаргасныг дээр дурдсан. Энэ нь Монгол Улсад шүүхээс гэрээг албадан хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой шүүх ажиллагааг үр ашигтай шийдвэрлэх зарчмыг сайжруулахад нөлөөтэй шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (ХХША)-ны үргэлжилж буй дундаж хугацаа, тухайн хугацааг уртасгадаг гол шалтгааныг тодруулах гэж оролдсон анхны судалгаа юм. Судалгаанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ХХША-ны дундаж хугацаа нь 85 хоног ч, практик дээрх дундаж хугацаа нь 296 хоног буюу 3.48 дахин илүү урт аж. Харин нийт 50 хэргийн ХХША-ны дундаж хугацаа 223 хоног. Мөн шүүх дээр хэрэг маргааны нэхэмжлэлийн дүн өндөр байх тусам ХХША үргэлжлэх хугацаа сунжирдаг. Иргэнд холбогдох хэргийн ХХША-ны дундаж хугацаа 95 хоног байх бөгөөд хэргийн 80 хувийг шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шийдвэрлэсэн. Харин хуулийн этгээдийн хувьд, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг их гаргадгаас ХХША-ны дундаж хугацаа нь илүү урт буюу 1506 хоног байна” гэж дурджээ.
Мөн Хяналтын шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд дордуулдаг. Нөгөө талаар хэргийн зөвхөн нэг тал болох хариуцагчид цаг хожих боломжийг олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг удаашруулж байна. Иймд аливаа хэргийг давж заалдах, хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжийг хуулиар хязгаарлах нь зүйтэйг судлаачид хэлсэн. Зээлийн төрлийн хувьд хэрэглээний зээлийн маргааныг шийдвэрлэх ХХША-ны дундаж хугацаанаас бизнесийн зээлийн маргааны ХХША-ны дундаж хугацаа нь 13 дахин их буюу 925 хоног байх бөгөөд зээл нь банктай хамааралтай байх тохиолдолд ХХША-ны хугацаа ес дахин нэмэгдсэн байна. Харин шүүх хуралдааныг хойшлуулж буй шалтгааны хувьд, нотлох баримт гаргуулах хүсэлт болон эрүүл мэндийн шалтгаан дийлэнх хэсгийг эзэлж байгаа бол тухайн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй бусад хүсэлт гомдлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болдог хүсэлтүүд тухайн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, шийдвэрлүүлэхгүй удаах гол хүчин зүйл болдгийг судалгаанд харуулжээ.
Тиймээс судлаачид Иргэний хуулийн 105.1, 105.2, 105.3, 105.4 , 167.1.5, 176.2.5 болон 25.2.7, 26.5, 6 дахь хэсэг, мөн 34.5 дахь заалтыг өөрчлөх санал гаргажээ. Тухайлбал, тус хуулийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэснийг “Шүүх хуралдааныг хойшлуулах дараах хүсэлтийг шүүх хуралдааныг товлосон өдрөөс өмнө гаргана” хэмээн өөрчлүүлэх хүсэлтээ судалгаанд тулгуурлан гаргажээ.
Хубилай 1260 онд хаан болсныхоо дараа Шанду хотод цаасан мөнгөний хэлтэс байгуулж, Жунтун Юаньбао Жяочао хэмээх цаасан мөнгө хэвлэн гүйлгээнд гаргаснаар Юань улсын цаасан мөнгөний түүх эхэлдэг. Зарим судлаачид үүнийг Монголд банк байгуулах эхлэл бүрдсэн түүхэн цаг үе ч гэж тайлбарладаг. Өдгөө иргэд дэлхийн хаана ч байсан банканд заавал очихгүйгээр “хуруугаа хөдөлгөөд л”, амар хялбар үйлчилгээ авдаг болсон. Харамсалтай нь, 800 жилийн түүхтэй банкны сүүдэртэй тал нь яах аргагүй шүүхийн эл ялзарал, том зээлдэгчид ажээ.