Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулж ирсэн “Монголын геологи хайгуул” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотод болох нь. 15 дахь удаагийн чуулганаар геологи, эрдэс баялгийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хайгуул, судалгааны үр дүн, арга технологи, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл зэргийг хэлэлцэхээс гадна уул уурхайн төслүүдийг танилцуулах гэнэ.
Өнөө жилийн чуулга уулзалт үндэсний геологийн албаны 85 жилийн түүхэн ойтой давхцаж буйтай холбогдуулан улсын төсвийн болон хувийн лийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлууд, салбарын хүний нөөц, боловсон хүчин зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
“Монголын геологи хайгуул 2024”-ийг УУХҮЯ, АМГТГ, Үндэсний геологийн алба, ШУТИС, МУИС, ШУА-ийн Палеонтологийн болон Геологийн хүрээлэн, Монголын геологийн холбоо, Монгол Улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбоо, Дорнод, Монголын хайгуулчдын холбоо хамтран зохион байгуулах аж. Энэ үеэр хурал, хэлэлцүүлэг хийгээд зогсохгүй хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт, мэргэшүүлэх сургалт, “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” үзэсгэлэн, оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгажээ.
Бэлтгэсэн Н.Мишээл