Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 2.2, импорт 1.6 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 388.4 (11.3%) сая ам.доллар, импорт 397.2 (33.1%) сая ам.доллароор тус тус өсөж, экспорт 8.9 (0.4%) сая ам.доллар, тэнцэл 406.1 (38.7%) сая ам.доллароор тус тус буурчээ. Экспорт 2024 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 125.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 56.3 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал 73.4, нүүрс 65.0, төмрийн хүдэр, баяжмал 24.9 сая ам.доллар оор тус тус өссөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 397.2 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 92.0, автобензин 44.2, дизелийн түлш 34.0, нийтийн тээврийн хэрэгсэл 26.0 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.0 хувийг эзэлж байгаа бол импортын 75.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангиболон хүнсний бэлэнбүтээгдэхүүн эзэлж байна. Импортын дүнд 2024 оны эхний хоёр сарын байдлаар БНХАУ 34.4, ОХУ 28.4, Япон 12.4, БНСУ 3.8, АНУ 2.9, ХБНГУ 2.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.1 хувийг бүрдүүллээ.
ОХУ-аас импортолсон барааны 71.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 82.0 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.8 хувийг ачааны автомашин тус тус эзэлж буй. Дээрх хугацаанд экспортын 50.2 хувь Гашуунсухайт, 18.4 хувь Замын-Үүд, 12.1 хувь Шивээхүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 80.6 хувийг эзэлж байна. Импортын 50.8 хувийг Замын-Үүд, 24.7 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 75.5 хувийг эзэлж байна.