МҮХАҮТ төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Үзэсгэлэн яармагаар дамжуулан уул уурхайн бус экспортын боломжийг нэмэгдүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэг цахим болон танхим хосолсон хэлбэрээр болсон бөгөөд бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцсон. Манай улсын экспортын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж ирсэн. Үүнд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт зэрэг түүхий эд багтдаг. Тэгвэл МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Уул уурхайн бус гэгдэх түүхий эд, бусад бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар төр засгаас ярьдаг ч дорвитой бодлого хэрэгжүүлэх нь ховор. Татварын ил тод байдал хангалтгүй, бараагаа экспортлоход эргэлтийн хөрөнгө дутагддаг, банкны зээлийн хүү өндөр, уул уурхайн салбартай өрсөлдөж чадахгүй, тогтвортой худалдаа эрхлэх, бараагаа сурталчлах нөхцөл хомс зэрэг бэрхшээл аж ахуйн нэгжүүдэд тулгарч байна” хэмээсэн юм.
Уг уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн хэлэлцсэн гол зүйл нь уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх үйл ажиллагааг төр дэмжиж, нэг бодлогоор олон улсын зах зээлд гаргахад анхаарах тухай байв. Үүний тулд Монгол Улсын бүтээгдэхүүнийг сурталчлах павильоны стандарттай болгох нь зүйтэй гэлээ. Мөн экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, төрлийг нь нэмэгдүүлэх талаар хөндсөн. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн экспо худалдааны төв байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхийд сурталчлах ёстой хэмээв. Үүнээс гадна экспортын бүтээгдэхүүний татварыг бууруулахад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд төр засаг анхаарах нь зүйтэйг онцоллоо.
2019 онд Экспортыг дэмжих зөвлөл байгуулж, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байсан. Гэтэл энэ зөвлөлийн үйл ажиллагаа сүүлийн жил гаруйн хугацаанд зогссоныг сэргээх ёстой гэв.