УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд болон УИХ-ын гишүүн Д.Батлут нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон оролцож “Эрдэнэт үйлдвэр”-ээс хэрэгжүүлж буй “Үйлдвэрлэл, технологийн парк”-ын төслийн ажлын явц болон үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг олгосноор тус төсөл эхэлсэн юм. Төслийн хүрээнд, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр” байгуулах бөгөөд Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Эдгээр үйлдвэрийг байгуулахын тулд цахилгаан эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг эхлүүлж Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-өөр өргөтгөсөн юм. Мөн Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах барилга байгууламжийг өргөтгөж шинэчилсэн байна. “Үйлдвэрлэл технологийн парк” төслийн явцад, жилд 124,1 мян.тн катодын зэс боловсруулах “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”-ийг байгуулж, 762 сая.ам долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байлдлаар ТЭЗҮ нь батлагдаад байна.
Мөн жилд 10 мянган тонн катодын зэс боловсруулах “Исэлдсэн хүдэр боловсруулах катодын зэсийн үйлдвэр” байгуулахад 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний ТЭЗҮ батлагдсан. Жилд 6 мян.тн ферромолибден, 1500 кг рени боловсруулах “Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулах бөгөөд үүнд 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. Техник, эдийн засгийн үзүүлэлт нь батлагдаад байна. Эдгээр үйлдвэрийг байгуулахад, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам, усан хангамж, ариутгах татуургын системд нийт 138,1 тэрбум төгрөг зарцуулна. Мөн зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зэс нано нутгийн үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байна. “Үйлдвэрлэл, технологийн парк”-ын төсөл 2027 онд бүрэн хэрэгжиж дуусна. Эдгээр үйлдвэр ашиглалтад ороход дунджаар 1200 орчим хүн ажлын байртай болох тооцоолол гарчээ.