Санхүүгийн зохицуулах хороо Унгар Улсын Төв банк (Magyar Nemzeti Bank)-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус улсын Төв банкны дэд ерөнхийлөгч ноён Ч. Кандрач (Csaba Kandrács) нар үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацыг хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд харилцан туслалцах, хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох, газар дээрх хяналт, шалгалт хийхэд харилцан туслалцах мөн хүний нөөц, байгууллагыг чадавхжуулах чиглэлд хамтарч ажиллах юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхжил өндөртэй байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгөөс 11 их наяд төгрөг болж гурав дахин өссөн. Мөн өнгөрсөн онд манай хөрөнгийн зах зээл олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн ангилалд орсон зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц нэлээдгүй өөрчлөлт гарсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас ч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг цаашид тогтвортой үргэлжилнэ гэсэн төсөөллийг гаргасан. Тухайлбал, Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг энэ онд 6.4 хувь байна гэсэн бол Дэлхийн банкнаас 2024-2025 онд 6.3-6.8 хувиар өснө гэсэн урьдчилсан төсөөллийг хийсэн. Ийм учраас манай байгууллага хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд бидний хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.