Канадын Торонто хотноо зохион байгуулсан, олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC-2024” чуулганы хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл Засгийн газар хоорондын форум (IGF-Intergovernmental forum)-ын захирал Грег Рэдфордтой уулзжээ. Уул уурхай, тогтвортой хөгжлийн чиглэлээр шийдвэр гаргах үйл явцад жендерийн тэгш байдал, хүртээмж, төрөлжсөн байдлыг хангахад чиглэсэн IGF-ийн стратеги, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буй санаачилгуудын талаар энэ үеэр санал солилцсон байна. Мөн хууль тогтоомж, бодлого, дүрэм журмыг хянан үзэж, зөвлөгөө өгч, хууль, эрх зүйн орчин, ялангуяа ашигт малтмалын нөөцийн чиглэлд Засгийн газар, байгууллагуудад бодитой санал өгөхийн давуу тал, ач холбогдлын талаар ярилцжээ. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй энэ үед IGF-аас дэмжлэг үзүүлэх, техникийн туслалцаа, туршлагаар хангахад бэлэн гэдгийг захирал Грег Рэдфорд илэрхийлсэн аж. IGF нь 80 гаруй гишүүн оронтой бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол юм. Тус байгууллага нь уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн чиглэлээр гишүүн орнуудаа дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. IGF-ийн ээлжит хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 21-нд Швейцарын Женев хотноо зохион байгуулах гэнэ.