Санхүүгийн зохицуулах хороо, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон Финтекийн холбоо хамтран “FINSEC” форумыг өнөөдөр зохион байгууллаа. Финтекийн экосистемд тулгарч буй кибер аюулгүй байдлын тулгамдсан сорилтуудыг төр, иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү форумд финтекийн үйлчилгээ үзүүлэгч 50 гаруй байгууллагын удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, хариуцсан ажилтнууд оролцжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал форумыг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. Финтекийн энэхүү хөгжил Монгол Улсын санхүүгийн зах зээлд ч мөн эрчимтэй нэвтэрч буй тул төрийн бодлого гаргагчид болон зохицуулагч байгууллагууд технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн зах зээл, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, тогтвортой хөгжилд хүрэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан банк бус санхүүгийн байгууллагуудаас 55 нь финтек зээлийн үйлчилгээг үзүүлж, салбарын нийт харилцагчдын 94.1 хувьд энэ үйлчилгээг үзүүлсэн. Харин даатгалын салбарт урт хугацааны даатгалын нэг, ердийн даатгалын 15 компани цахим технологи ашиглан нийт 72 төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг, сэндбоксын орчинд долоон бүтээгдэхүүнийг өдгөө ашиглаж байна. Иймд кибер аюулгүй байдлын салбарт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг нягт уялдуулах санал санаачилгыг дэмжих, олон улсын ба бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, зохицуулалтын стандартыг дагаж мөрдөх, олон нийтийн итгэлийг хадгалж финтекийн салбарт кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах нь чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.
Форумын үр дүнд нийт оролцогч байгууллагууд “Кибер аюулгүй байдлын зөрчил зохицуулахтай холбоотой мэдээлэл солилцох протокол”-д нэгдээд хамтарсан уриалга гаргалаа. Тодруулбал финтек компаниуд болон хэрэглэгчдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд төр, хуулийн этгээд хурдан шуурхай мэдээлэл солилцож, таслан зогсоох арга хэмжээ авах, энэ тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хүрээнд хамтарч, дэмжиж ажиллах, финтек компаниуд аюулгүй байдлаа хангах, иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд нэгдэж ажиллахаа мэдэгдэж, уриалга гаргасан юм.