Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн багш, судлаачид “Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө" сэдэвт судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Тус судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалт урт хугацаанд Монгол эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын эдийн засгийг 22 нэгж хувиар өсгөсөн талаар дурджээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан “ "Энэхүү судалгаагаар дамжуулж уул уурхайн салбарыг дэмжих гэсэн өнцгөөс бус, эерэг сөрөг нөлөө, суурь нөхцөлийг судлахыг зорьсон. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд тогтвортой бодлого хэрэгтэй. Манай улс хөгжлийн бодлого дээрээ нэгдсэн чиг баримтлалгүй гэсэн үр дүн гарсан. Уул уурхайн салбарын талаар олон нийт янз бүрийн хандлагатай байдаг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдээс авсан судалгаагаар уул уурхайн салбарт нийтээрээ сөрөг ханддаггүй гэх үр дүн гарсан. Энэ нь бидний хувьд хамгийн суурь нөхцөл гэж олзуурхаж байгаа. Тиймээс энэ салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн гол тулгуур болгох ёстой гэсэн байр суурьт хүрсэн” гэж онцоллоо.
Дээрх судалгаагаар уул уурхайн салбарын бүс нутгийн иргэдийн дундаж цалин бусад аймгаас илүү өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага гэх үр дүн гарсан. 2008 онд Тавантолгой, Оюутолгой төслүүд эхлэх үед тухайн үеийн бодлого чиглэлүүд харьцангуй либерал байсан учраас гадаадын хөрөнгө оруулалт таван тэрбум ам.долларыг давсан байна. Харин 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш, манай улсын бодлого тогтвортой бус байснаас болж гадаадын хөрөнгө оруулалт буурчээ. Сүүлийн 10 гаруй жилд гадаадын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төсөл дангаараа бүрдүүлж иржээ.
Уул уурхайн салбар дахь ГШХО-н эдийн засаг, нийгэмд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлохоос гадна төрийн бодлого, хэрэгжилт энэ салбарын үйл ажиллагааны талаарх мэргэжилтэн судлаачид төрийн байгууллага, уул уурхайн компаниуд болон бусад оролцогч талуудын оролцоо хандлагыг тодорхойлох зорилгоор хийгджээ. Судалгааны дүнд дараах үр дүн гарчээ.
Үүнд:
- 2010 оноос хойш уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр, тус салбарын үйлдвэрлэл эрчимжиж, эдийн засаг дахь УУ-н салбарын нөлөө улам их болсон.
- ГШХО-н дийлэнхийг эзэлж буй Оюу Толгойн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эдийн засаг дахь нөлөөлөх нөлөөллийг 22 хувиар нэмэгдүүлжээ.
- Уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин өндөр байна.
- Уул уурхай салбарын ажилчдын цалин улсын дунджаас 2.4 дахин өндөр байгаа бөгөөд 2010 оноос хойш 6.3 дахин өсжээ.
Нийгмийн нөлөөллийн хувьд
- Уул уурхайн салбар нь орон нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй, ГШХО бүхий том төслийн нөлөө нь илүү их байдаг. Уул уурхай хөгжсөн орон нутагт эдийн засгийн бусад салбар хөгжих боломж 40-50 хувиар илүү байдаг.
- Уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдийн орлого бусад бүс нутагтай харьцуулахад 50 орчим хувь өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага.
- ГШХО нь ажил, амралтын байрны стандартыг баримтлахад эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд уул уурхайн салбарын ажилчид ГХО-тай уул уурхайн компанид ажиллах сонирхол их.
- Уул уурхайн салбар хөгжсөн газар нутагт дэд бүтцийн хөгжил бусад аймгуудтай харьцуулахад 40 орчим хувиар өндөр байдаг.
Бодлого орчны хувьд
- Монгол Улсын хөгжил, уул уурхай, ГШХО-н талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй, нийгмийн зөвшилцөлд хүрээгүй.
- Засгийн газрын бодлогын залгамж чанар муу, салбарын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлууд, санхүүжилтийн загвар нь тодорхойгүй нь бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөөлөх гол нөхцөлийн нэг байх боломжтой.
- Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд ГШХО-н нөлөөлөх нөлөөллийг оролцогч талууд өндөрөөр үнэлж, хүлээн зөвшөөрдөг нь салбарын үйл ажиллагаанд эерэг суурь орчин байгааг нотолж байна.
Дээрх үр дүнд үндэслэн судалгааны багийн зүгээс уул уурхайн салбар дахь ГШХО-н бодлогын тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчныг сайжруулах нь хөрөнгө оруулалтын нөлөөллийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Мөн Монгол Улсын хөгжилд нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчны асуудлыг анхаарсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.