"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэдэд татвар хасагдсан дүнгээр 104 000 хүртэлх төгрөгийг шилжүүлсэн. Тэгвэл тус компани 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 285 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тиймээс ногдол ашгийг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгохоор төлөвлөсөн байна.
Тэтгэвэр, халамж, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шууд шилжүүлнэ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн 893 мянга орчим хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлэхээр зохицуулав.
Монгол Улсын Их хурлын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73 орчим хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94 орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр боллоо.