"Уул уурхайн Давос" гэгддэг PDAC чуулганаар дэлхийн 400 гаруй компанийн төлөөлөл эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломж хайх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэвшилтэт технологи, инновациа танилцуулан оролцож байна.
Манай улсаас хөрөнгө оруулалт, олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд төслөө танилцуулна. Мөн Монголын эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах "Mongolian Day" үйл ажиллагаа болно. Манай улс дэлхийн уул уурхайн чуулганд 2006 оноос хойш оролцож байна. Энэ жилийн чуулганд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, "Оюутолгой" компани гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци тэргүүтэй төр, хувийн хэвшил хосолсон баг оролцож байна.
Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ийг 1932 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 30 мянга орчим оролцогч бүртгүүлсэн байна. Дэлхийн уул уурхайн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлох 92 дахь удаагийн PDAC эхэллээ.
Канадын хамгийн том хотуудын нэг Торонтод дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхмүүд, улс орнуудын бодлого тодорхойлогчид хүрэлцэн ирээд байна. Канадын эдийн засгийн нийслэл хэмээх тодотголыг өөртөө авчирсан, дэлхийн уул уурхай, хөрөнгийн зах зээлийн халуун цэгт PDAC чуулган гуравдугаар сарын 3-6-ныг хүртэл үргэлжлэх юм.