“Тавантолгой төмөр зам” компанийн удирдах түвшний ажилтнууд ажлын байрандаа архидан согтуурч буй бичлэг цахим сүлжээнд тархаж, олны анхааралд өртсөн. Тэднийг ажлаас нь халж, 25 000 төгрөгөөр торгосноор эл хэрэг өндөрлөж, мартагдах тийшээ хандлаа. Төрийн албан хаагчид ёс зүйгүй үйлдэл гаргасан нь дүрс бичлэгээр нотлогдож, цахим сүлжээнд нийтлэгдчихээд байхад 25 000 төгрөгөөр торгож, толгойг нь илээд өнгөрөөв. Эл дуулиан намжаагүй байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн хөл дээрээ тогтох ч тэнхэлгүй болтлоо согтуурсан бичлэг ч олон нийтэд ил боллоо. Тэрбээр архины халуундаа ухаан мэдрэлгүй болсон мэт хүнээр түшүүлэн яваа нь хяналтын камерын бичлэгт үлджээ. Үндсэн хуулийн цэцийг “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж хуульчилсан байдаг. Аль ч талаас нь бодсон Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тогтоох хүмүүс ёс зүйгээр бусдад үлгэрлэгчид байх ёстой. Гэтэл ийм үүрэгтэй хүн архидан согтуурч, зүй бус авирлаж, хуулийг уландаа гишгэсэн нь жигшим байлаа.
Ажлын байрандаа архидсан энэ мэт жишээ дээр дурдсанаар дуусахгүй. Ганц долоо хоногийн хугацаанд гэхэд эрх мэдэл бүхий цөөнгүй хүний архидан согтуурч буй бичлэгийг бид харлаа. Татвар төлөгчид буюу бидний мөнгөөр цалинжиж, олон нийтийн эрх ашгийн төлөө зүтгэх ёстой хүмүүс ажлын цагаар ажлын байрандаа архидан согтуурч байхад тэднийг зөвхөн ажлаас халж, 25 000 төгрөгөөр торгоод өнгөрч буй нь хөнгөдсөн шийтгэл гэлтэй. 2021 онд буюу “Ковид”-ын үед гэхэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнууд өрөөндөө архидан согтуурахад ажлаас нь халаад л өнгөрөөж байв. Дээр дурдсан жишээнүүд нь зөвхөн олон нийтэд мэдэгдсэн юм. Эдгээрийн цаана олон нийт мэдээгүй, нийгмийн сүлжээгээр тархаагүй тохиолдол хэд бийг бид таашгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг нь архидан согтуурах явдлыг бууруулах гэж тодотгоод буй. “Ерөнхийлөгч архитай дайн зарлаж байна” гэж дээрх хөдөлгөөнийг дөвийлгөн магтах хүн цөөнгүй байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч хөтөлбөр үр дүнд хүрч, архидалт буурсан гэх пиар явуулах болсон билээ. Гэтэл бодит байдалд уг хөтөлбөрийг нь бодлогоор дэмжин, гардан хэрэгжүүлэх ёстой хүмүүс Төрийн тэргүүний санаачилгыг уландаа гишгэж, харин ч ажлын байрандаа архидах маягаар танхайрсаар байгааг юу гэж ойлгох вэ. Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан “Энэхүү хөдөлгөөний эхний үе шатны хүрээнд монгол хүний эрүүл мэндэд хамгийн хортой нөлөө үзүүлж буй архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны олон ажлыг зохион байгуулсан” хэмээн мэдээлж байв. Гэтэл архидалт буурсан дүр зураг төдийлөн ажиглагдсангүй.
Түүнчлэн өнгөрсөн онд баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульдаа ч манай улс архитай тэмцэх заалт оруулсан. Тэрхүү хуульд албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосон байдаг. Ийм хуультай болоод нэг жилийн нүүр үзсэн ч ёс зүйн доголдол гаргах нь буураагүй байна. Архи гэсэн түлхүүр үгээр цахим орчинд хайлт хийхэд маш олон хүний зүй бус авирлаж буй дүр зургийг харж болно. Ер нь манайд ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, ёс зүйгүй үйлдэл гаргах нь ихэссэн тул Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулж, хэлэлцүүлж эхэлсэн гэнэ. Эл хөтөлбөрийн зорилго нь төрийн албаны бүх түвшинд ёс зүйгүй байдлыг үл тэвчих, шударга хандлага, сэтгэлгээ бий болж, ёс зүйн үнэт зүйл, соёл, манлайлал төлөвших, төрөө дээдлэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх чиглэлд ахиц гаргах ач холбогдолтой хэмээн тодорхойлжээ. Төрийн албан хаагчдын буруутай үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар торгох, ажлаас халах зэрэг шийтгэл оноож байгааг өмнө нь дурдлаа. Мөн Төрийн албаны зөвлөлөөс дээрх байдлаар хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Тэгвэл хувийн хэвшлийн байгууллагынхан ямар арга хэмжээ авдгийг сонирхлоо.
CU сүлжээ дэлгүүр нь өнгөрсөн оны байдлаар 370 гаруй салбартай байлаа. Уг байгууллагад ажиллагсдын олонхыг оюутан, залуус эзэлдэг байна. Ажлын байрандаа архидан согтуурсан ажилчдад сахилгын шийтгэл хүлээлгэх буюу ажлаас халах арга хэмжээ авдаг аж. Мөн бусад салбар сүлжээ дэлгүүрт ажиллах эрхийг нь хасдаг гэнэ. Түүнчлэн цалинг нь олгохгүй халах зэрэг арга хэмжээ авдаг байна. Үүнтэй адил шийтгэлийг “GS25” сүлжээ дэлгүүрийнхэн ч оноодог байна. Ингэхдээ ажлаас нь шууд халж, бусад байгууллагадаа ч ажилд авахгүй байх буюу “хар жагсаалт”-даа бүртгэдэг гэнэ. Зарим байгууллага ажилд авах шаардлагадаа “Архи уудаггүй байх”, “Архи уудаггүй бол давуу тал болно” зэрэг заалт тусгадаг. Эдгээр ажлын зар нь ихэвчлэн үйлчилгээний байгууллагынх байна. Хувийн хэвшлийн зарим байгууллагын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн архи уудаг хүнийг засаж, “хүмүүжүүлэх” бус, анхнаасаа архины хамааралгүй хүнийг ажилд авах нь чухал гэдгийг онцоллоо.
Өнөө үед нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж, ажлын бүтээмжид илүүтэй анхаарч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд ажиллах хүчний гол цөмийг бүрдүүлэх болсон Z үеийнхэн хөгжил, бүтээмждээ илүү анхаардаг. Тэдний онцлог нь өөдрөг, багаар гэхээс илүүтэй бие даан ажиллахыг чухалчилдаг гэнэ. Мөн тэд ажлаа цагтаа хийж дуусгаад, бусад үед нь өөрийгөө хөгжүүлэх, сонирхолтой зүйлс хийхийг илүүд үздэг байна. Тэдний энэхүү үзэл баримтлалд ажил олгогчид, эсвэл хамтран ажиллагсад нь хэд хэдэн байдлаар халддаг аж. Түүний дотор согтууруулах ундаатай холбоотой асуудал ч байдаг гэнэ. Жишээ нь, зарим байгууллага шинээр ажилд орсон хүмүүсээ угтах үдэшлэг зохион байгуулдаг. Үүндээ үдэшлэгийн “гол дүр” буюу шинээр ажилд орсон хүнээ заавал оролцохыг шаарддаг. Энэ нь ажлын уур амьсгалыг сайжруулах зорилготой хэмээн тайлбарладаг байна. Уг үйлдэл нь нэг удаагийнхаар дуусдаггүй. Ямар нэгэн шалтаг олж, “Ажлаараа гарцгаая” гэж уриалан архиддаг нь хэцүү байдаг талаар нэгэн иргэн хэлсэн юм. Түүний хэлснээр ажлын хамт олон нь баасан гараг бүр дээрх уриа үгээ хэлэн, заавал хамт явахыг шаарддаг аж. Ингэхдээ татгалзах боломж олгодоггүй зэрэг нь тухай байгууллагаас “дайжих”-д хүргэжээ.
Ийнхүү үдэшлэг нэрээр архидах байгууллага байхад шартсан хэмээгээд шинэхэн ажилчдаа бэлэн гоймон, согтууруулах ундаа авчрахыг шаардах, хувийн ажилдаа зарах зэрэг тохиолдол ч бий гэнэ. Үүний талаар байгууллагынхаа удирдлагадаа хэлэхэд “Байдаг л зүйл” хэмээгээд тоодоггүй, харин ч байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос татгалзлаа хэмээн дургүйцдэг гэлээ. Залуусын хувьд ажлын бус цагаараа өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлс туршихыг хүсэж байхад архинд толгойгоо мэдүүлсэн хэсэг нь тэдний амьдралд, хөгжилд дээрх байдлаар саад учруулах нь түгээмэл. “Гэр бүлийн боловсрол” төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Найзууд нь ууя гэж дуудах болгонд очдог, тэр бүрдээ 10 гаруй цаг зарцуулдаг, эхэндээ долоо хоногт хоёр удаа гардаг байснаа хүндрэхээрээ дөрөв болдог, хонуут өнжүүтээр архиддаг тохиолдол өчнөөн. Олуулаа нийлж, хонож архидна гэдэг архичин болж байгаагийн шинж тэмдэг. Гэтэл байгууллагууд энэ зам руу ажилчдаа хөтөлдөг, нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Энэ бол дэлхий нийтэд байхгүй үзэгдэл” хэмээж байв. Ер нь манайх шиг ажлын хамт олноороо хэдэн өдөр, цагаар архидан согтуурч буйгаа байгууллагын уур амьсгалаа сайжруулсан хэмээн өмөөрдөг газар байхгүй болсон. Тиймээс ийм ёс зүйгүй явдлыг таслан зогсоож, ногдуулах шийтгэлийг нь чангатгавал яасан юм бэ. Ганц шил архины үнэд ч хүрэхгүй мөнгөөр торгодог нь ёс зүйгүй үйлдлийг өөгшүүлсээр байна.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн