Алслагдсан сум гэхээр зах зээл нь хумигдаж, хөгжлөөс тасардаг үе ард хоцорсон. Нийслэлээс 750 гаруй км-т оршдог ч жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн татвар, НДШ төлдөг орон нутгийн компани Өмнөговь аймгийн Ханбогд сумд олон. Тодорхой хэлбэл, Ханбогд сумд хувийн хэвшлийн 300 гаруй аж ахуйн нэгж, 60 давсан тооны дэлгүүр, супермаркет, 30 орчим цайны газар, ресторан, зочид буудал үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр компаниудад татвар толгойны өвчин биш. Эсрэгээрээ татвараа тогтмол төлөөд, дараагийн зах зээлд хөл тавих амбицтай ажилладаг гэсэн үг. “Оюутолгой” ХХК туслан гүйцэтгэгч компаниудад тэрхүү зах зээлийг бий болгоход гол нөлөө үзүүлдэг. Тиймээс Ханбогд сум Өмнөговь аймгийн төсвийн орлогын гол хэсгийг бүрдүүлж ирсэн.
Аймгийн төсөвт гол оролцоотой туслан гүйцэтгэгч, 2011 онд хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэхээр гурван хүнтэй эхэлж байсан “Өлзийт Мөнх Овоо” ХХК-ийг нэрлэе. Ш.Туяа тэтгэвэртээ гараад уг компаниа байгуулжээ. Өдгөө 10 гаруй жилийн хугацаанд өргөжиж, 30 гаруй ажилтантай болсон. Тэрбээр энэ тухайгаа “Тухайн үед “Оюутолгой” ХХК-д төсөл бичиж, хандсан. Анх Оюутолгой төсөл эхлэх үед бидэнд ямар ч төсөөлөл байгаагүй. 100 жилийн нөөцтэй орд гээд ард иргэдийн дунд яригдаж байлаа. Харин өнөөдөр компанийн туслан гүйцэтгэгч болоод үйл ажиллагаа тэлж, жилдээ тэрбум гаруй төгрөгийн татвар, НДШ төлөх хэмжээнд хүрээд байна. “Оюутолгой” ХХК-ийн зарласан тендерт оролцож, бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна жилдээ 40 мянга гаруй метр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг” гэлээ.
Үүнээс гадна “Оюутолгой” ХХК-ийн хүн тээврийг “Ханбогд хурд” ХХК хариуцан ажилладаг. Тус компанийн ерөнхий менежер Б.Цэнгэлмаа “2013 онд долоон автобус, долоон жолоочтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 100 тээвэр, 420 ажилтантай болж өргөжсөн. Тээврийн салбарт стандарт соёлыг төлөвшүүлж, өөрийн гэсэн өнгө аясыг бий болгосон” гэж ярилаа.
40 жилийн тэртээ 2000 гаруй хүн амтай байсан тус сум мега төслийг даган хөгжсөөр үндсэн 13 000, уул уурхай, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин болжээ. Энэхүү хүн амын өсөлтийг дагаад хүүхдийг боловсролд тэгш хамруулахаа ч мартаагүй. Тодруулбал, Ханбогд суманд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэлтэй. Тэдэнд хичээл заах тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг 2019 оноос бэлджээ. Түүгээр ч үл барам гурван цэцэрлэг, хоёр сургуулийн багш нарыг хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж, чадавхжуулсан. Мөн эцэг эхчүүдтэй хамтарч, хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон үйл ажиллагаануудыг зохион байгуулж иржээ. Үр дүнд нь эцэг, эхчүүдийн нүд нээгдсэнээр оролцоо нь нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ бусдаас нуух, сургууль цэцэрлэгт хамруулахгүй гэдэг хандлагаа өөрчилжээ.
Ханбогд сумын дунд сургуулийн бага ангийн багш Д.Ганчимэг “Би аутизтай хүүхэдтэй. Хүүхдээ боловсролд тэгш хамруулахад асуудал үүсэж байсан. Тиймээс “Говийн Оюу” хөгжлийг дэмжих санд хандаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах төсөл бичсэн. Төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулаад байна. Энэ нь Монгол Улсын 335 сумаас анхдагч нь юм. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрахад таван энгийн хүүхэдтэй тэнцэх хэмжээний зардал, халамж шаарддаг. Тиймээс цаашид эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санал тавьдаг.Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хоёр аав “Оюутолгой” ХХК-д дадлагажигчаар ажилд орсон” гэлээ.
Дээрх тохиолдлууд Ханбогд суманд хэрэгжиж, тэлсэн төслүүдийн багахан хэсэг нь юм. Тус бүсэд бизнесийн салбараас гадна орон нутгийн иргэдийн сайн сайхны төлөө гэсэн төсөл бүр хэрэгждэг аж. Ялангуяа, Ханбогд сумын иргэн, мөн дээр нь эмэгтэй бол “Оюутолгой” ХХК-д ажилд орох эхний шалгуурыг хангахаас гадна бие даан төсөл бичиж, хөгжүүлэх, бизнесээ цэцэглүүлэх боломжийг мега төслийн хүрээнд олгодог. Энэхүү боломжийг хүртэхийн тулд бусад аймгаас иргэд шилжин суурьшиж, амьдралаа цэцэглүүлсээр байна. Тодруулбал, Ханбогд сумын төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 2040 он гэхэд сумын төвд 5292 өрхийн 22 226 хүн суурин амьдрах тооцооллыг гаргажээ. Иймд 2025 онд нийт өрхийн 15, 2030 онд 25, 2040 онд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай болохоор төлөвлөсөн. Алт зэсийн арвин баялаг нөөцтэй, эрт галавын үеийн ховор нандин олдворуудтай Ханбогд сумд аялал жуулчлал хөгжихөөс гадна бизнес цэцэглэж, зах зээл нь ч томорсоор байна. Энэ нь бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж бизнес эрхлэгчид онцолдог аж. Ханбогд суманд бизнестэй болох мөрөөдөл тээн, шилжин суурьших иргэдийн цуваа ч тасрахгүй байна.