УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви нар хоёр орны геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлт, геотехник, уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгарч буй асуудал, түүнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгуулжээ. Энэ үеэр салбарын дэд сайд эдгээр салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын стандарт, дүрэм, журам, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах, мэргэжилтэн солилцож туршлага хуримтлуулах, тэргүүний шилдэг техник, технологи нэвтрүүлэх боломжийг судлах зэргээр хамтран ажиллах нь зүйтэйг дурдсан байна. Мөн геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын үйл ажиллагааг аливаа эрсдэлгүй, үр дүнтэй явуулах нь чухал болохыг тодотгожээ.
Бэлтгэсэн Б.Сонор