Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас 10 000 залууст бизнесийн анхан шатны мэдлэг олгож, шилдэг 1000 суралцагчдыг дараагийн шатны сургалтад хамруулж, БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад аялуулж, туршлага судлуулна. Улмаар тунаж үлдсэн тууштай 100 залуугийн санаачилсан бизнесийг нь бойжуулна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 12 дахин өсжээ. Үндэсний статистикийн хороо болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны тоон мэдээлэлд суурилан гаргасан энэхүү тооцоолол нь Монголд төрийн өмчит компаниуд нь томроод, жижиг бизнесүүд оршин тогтнох боломжгүй, хязгаардлагдмал байдгийн илрэл гэж хэлж болно. Бизнес академийн захирал Д.Асралт энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Хувийн хэвшлийн орон зай ийнхүү хумигдсан нөхцөлд эдийн засгийг нуруундаа үүрдэг, ажлын байр хамгийн ихээр бий болгох нөөц боломжтой, эдийн засгийн эрүүл орчны илэрхийлэл болсон жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнесийн сэргэлт" хөтөлбөрийг МҮХАҮТ-ынхан боловсруулжээ. Хөтөлбөрийг дээр дурдсанчлан гурван үе шат хэрэгжүүлнэ. Ингэхдээ хүйсийн харилцааг 50:50 хувиар хадгална гэдгийг Д.Асралт онцолсон юм. Тодруулбал, залуусын 5000 нь эмэгтэй, 5000 нь эрэгтэй байх нь. "Бизнесийн сэргэлт" хөтөлбөрийн гол “Бай” нь ажилгүй, орлогогүй залуус юм. Өөрөөр хэлбэл, залуустай гарааны бизнесийн талаар ярилцаж, бизнес санаа өгч, зөвлөж, манлайлж, сэтгэл дотор галыг нь сэргээж, урам зориг өгч, аль болох идэвхжүүлэх аж.
АНУ, БНСУ-д ийм хэлбэрээр залуусаа манлайлж, дэмждэг гэнэ. Тус улсуудад хүн амын 70 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Тэдгээр бизнес эрхлэгчдийн олонх нь 10 000 залуусаас шалгарч үлдсэн жижиг дунд үйлдвэрлэгчид. Тухайлбал, АНУ тэртээ 1970 аад онд 10 000 залууст бизнес мэдлэг олгох хөтөлбөрөө эхлүүлж байсан. Тухайн үед “star bucks”, “nike”, “Apple” зэрэг компаниуд “мэндэлжээ”. Мөн алдар нэр нь түгээгүй ч өрхийн бичил үйлдвэрэл эрхэлж, улс орондоо татвар төлж буй олон мянган компани тэр л үед үүссэн гэдэг.
Лоринет сангийн 2022 онд хийсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар 15-29 насны залуусын 52.8 хувь нь ажилгүй, 20.7 хувь нь сурдаггүй, ажилладаггүй гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, 140 000 орчим залуус өөрсдийгөө зоригжуулах, дээд боловсрол, карьераа хөөхөд бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь тэдний нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой бөгөөд нийгмийн халамж нь наад захын амьдралд нь хүрэлцэхгүй. Амьжиргаагаа дээшлүүлэх боломжгүй учраас залуучууд дотооддоо старт апп эхлүүлэхийн тулд олон олон бэрхшээлтэй тулгардаг. "Ийм ч учраас тэдэнд өөр боломж байхгүй гэж өөрсдийгөө кодлож эхэлдэг” хэмээн дүгнэсэн байна.
Иймд МҮХАҮТ-аас бизнес сургалт бойжуулалтын хөтөлбөрөөр дамжуулан залууст бизнесийн боловсрол эзэмшүүлж, бизнес сэтгэлгээг нь дэмжих, цаашлаад ирээдүйн боломжуудыг нээх хөтөлбөр боловсруулахаар зорьсон нь энэ ажээ. Хөтөлбөр нь хойч үедээ хувийн бизнес эрхлэх, ирээдүйн бизнесийн манлайлагчид болох, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж, Шинэ сэргэлтийн бодлогод нийцүүлэн тогтвортой эдийн засгийг бий болгоход тусална гэж үзэж байна. Ахисан түвшний богино хугацааны сургалтын модуль нь 24 жил тасралтгүй хөгжүүлж ирсэн старт апп хөтөлбөр гэнэ. Өөрөөр хэлбэл, шалгарсан 1000 залууд дэлхийн шилдэг хөтөлбөрөөр хичээл заана. Ингэснээр залуус өөрийгөө удирдах, бизнесээ төлөвлөх, хөгжүүлэх, бусдыг манлайлах, санхүүгийн модуль гаргах, хурал чиглүүлэх, удирдах зэрэг чадварт суралцана. Сургалтын явцад хүн нэг бүртэй цахимаар харилцаж зөвлөгөө өгч ажиллах аж. Дараа нь жижиг дунд үйлдвэрлэл явуулахад хэрэгцээтэй 500 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хэрхэн ашиглах ажиллуулах заавар зөвлөгөө өгнө. Ингээд бизнес төсөл нь шалгарсан залууст жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх санхүүжилт олгох юм байна.
Хөтөлбөрийг 2024-2025 онд хэрэгжүүлэх бол үр дүнгээс хамаараад цаашид жил бүр явуулахаар төлөвлөжээ. Жижиг, дунд бизнесийн хувьд томоохон төсөл хөтөлбөрийг гүйцэтгэх, зээл авах, чадварлаг боловсон хүчнийг ажиллуулах зэрэг боломжийг хүртэж чаддаггүй ч хамгийн их ажлын байрыг бий болгож, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Энэ салбарт ажиллаж буй бизнес эрхлэгч олон улсын бизнесийн MBA хөтөлбөрт хамрагдахын тулд 60-240 мянган ам.доллар төлөх шаардлагатай болдог учраас энэ нь биелэх боломжгүй байдаг аж. Гэтэл бизнесийн таатай орчин бүрдэхэд хамгийн чухал хүчин зүйл нь "Бизнесийн боловсрол" олон улсад үздэг байна.
Тэгвэл МҮХАҮТ-ын энэхүү "Бизнесийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд хийх сургалт нь олон улсын хэмжээний хөтөлбөрийг богино хугацаанд, хямд өртгөөр жижиг, дунд бизнес эрхлэх хүсэлтэй залууст хүргэж байгаагаараа ач холбогдолтой болохыг Д.Асралт мөн тодотголоо. Бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлж, сургалт танхим, цахимаар хэлбэрээр мэдлэг, мэдээлэл олгох юм байна.