Дэлхийн банкнаас гаргасан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад заавал байх 8 элементийг нэвтрүүлж ажиллах арга хэмжээг Сангийн яам 2018 оноос эхлүүлсэн. 2023 онд уг 8 элементийг нэвтрүүлсэн улс орны тоонд багтаад байна. Эдгээр 8 элементийг хамгийн сүүлийн үе шат болох хөрөнгийн ашиглалт, удирдлага болон хөрөнгө оруулалтын үнэлгээний хэсгийг бүрэн нэвтрүүлжээ. Мөн Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-д тусгаж батлууллаа.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад хүлээн авсны дараа өмчид бүртгэх, ашиглалтыг тодорхой болох зорилтын хүрээнд барилга байгууламж бүрд “Өмч, ашиглалтын тэмдэглэгээ”-г хийсний үндсэн дээр эцсийн санхүүжилтийг олгодог боллоо. Түүнчлэн өмнөх онуудад ашиглалтад орсон барилга байгууламжийн “Өмч, ашиглалтын тэмдэглэгээ”-г нөхөн хийх, хаягжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.