АНУ-ын хөдөлмөрийн яамны төлөөлөл геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын бодлого, түүнд тавих хяналтын үйл ажиллагаатай танилцлаа. АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви төлөөлөгчдийн хамтаар хоёрдугаар сарын 26-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зочилсон.
Уулзалтын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл өгч, талууд харилцан санал солилцов.
Манай улс АНУ-тай харилцах харилцаа нь Гуравдагч хөршийн бодлогод суурилсан. Тус харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр ирсэн. Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын хооронд жил бүр зохион байгуулдаг хоёр талын зөвлөлдөх уулзалт нь хоёр тал, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар байр сууриа солилцож буй.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэл, мэргэжлийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, энхийг сахиулах хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж байна.