14 мянган зорчигчийг транзитаар тээвэрлэж, 13 тэрбумын орлого олсон хэмээн МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "2019 онд МИАТ компани хамгийн дээд талдаа 3800 транзит зорчигч зөөж байсан бол зөвхөн 2023 оны хоёрдугаар хагаст бид 13 мянган зорчигч тээвэрлээд, 13 тэрбум төгрөгийн орлого олсон. Азиас Улаанбаатарт ирээд, цаашаа Европ руу явчихаж байгаа юм. Энийг бид цаашдаа эрчимтэй хөгжүүлнэ. 2024 онд 24 мянган зорчигчийг транзитаар тээвэрлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр бид транзит аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж үүснэ. Өнгөрсөн онд бид 67 жилийн түүхэн дэх хамгийн олон зорчигч тээвэрлэсэн. Хамгийн бага зардлаар хамгийн олон нислэг үйлдсэн. МИАТ компанийн жилийн дундаж орлого 500 тэрбум төгрөг байдаг байсан бол өнгөрсөн жил 880 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ онд 1 их наяд төгрөгийн орлого олохоор зорилт тавин ажиллаж байна.
МИАТ компанийг төсвийн компани, татвар төлөгчдийн мөнгөөр төсвөө бүрдүүлдэг гэсэн буруу ойлголт олон нийтэд бий. МИАТ компани төсвөөс нэг ч төгрөг авдаггүй, цэвэр бизнесийн байгууллага. Харин ч бид олсон ашгийнхаа ногдол ашиг болон татвараар төсөвт мөнгө төвлөрүүлдэг болохоос биш улсын төсвөөс мөнгө авдаггүй" гэв.