Уул уурхайн салбар нь манай улсын ДНБ-ний 25, аж үйлдвэрийн гарцын 70, нэгдсэн төсвийн татварын орлогын 30, нийт экспортын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж ирсэн. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өнөөдрийн байдлаар 1721 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс 10 хүрэхгүй хувьд нь буюу 170 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал ашиглах байнгын тогтвортой үйл ажиллагаа явагдаж буй. Энэхүү цөөн тооны идэвхтэй уурхай нь ашигт малтмалыг олборлож, боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар манай улсын өнөөдрийн нэгдсэн төсвийн татварын орлого болоод экспортыг бүрдүүлдэг. Иймд Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн зүгээс 2024 онд зохион байгуулагдах УИХ-ын сонгуульд оролцох нам, улс төрийн хүчинд хандан уриалга гаргалаа.
Үүнд:
- Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхүйц аливаа төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийг тусгахгүй байх.
- Сонгуулийн сурталчилгааны явцад судалгаа, тоо мэдээлэлд суурилаагүй, бодит бус аливаа мэдээллийг ашиглан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг алдагдуулахуйц сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх.