МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэгийн дэд тэргүүн бөгөөд Монгол дахь Харбин хотын Хар мөрөн мужийн тэргүүн Цао Дэвэн нар өнгөрсөн баасан гарагт уулзаж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Энэ үеэр ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, эл чиглэлийн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын форум хамтран зохион байгуулах тухай ярилцсан аж. МҮХАҮТ-аас 10 000 залууг бизнесийн сургалтын хөтөлбөрт хамруулахаар болсон. Тэгвэл үүний хүрээнд монгол залуусыг БНХАУ-д богино хугацааны сургалтад хамруулахад дээрх нийгэмлэг дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Мөн БНХАУ-ын Харбины олон улсын үзэсгэлэн яармагт Монгол Улсыг оролцохыг урьжээ. Ташрамд дурдахад, Харбины Хар мөрөн мужийн бизнес эрхлэгчид манайхаас хамтран ажиллах, хөрөнгө оруулах түнш олох, өөрсдийн бизнесээ сурталчлан таниулах арга хэмжээг ирэх сарын 1-нд “Novotel” зочид буудалд зохион байгуулах нь. Үүнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, борц, мөөгний бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж буй гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор