Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй.
2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлжээ. Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм. Хувьцаат компаниудын ногдол ашгийн дүн мэдээллийг сүүлийн гурван жилээр харьцуулбал:
- 2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг,
- 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж байсан бол
- 2024 онд нийт 40 хувьцаат компани 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өссөн үзүүлэлт юм.